Аав ээжийн 9 сарын нэгэн

Нар битүү, бүдэг гэгээтэй байхаас л манайх гэдэг айл бөөн хөл хөдөлгөөн болцгоож гарлаа. Угаасаа ийм сургуультай болцгоож байгаа юм уу, удам угсаа нь ийм байсан юм даг уу, бүү мэд. 9 сарын нэгний өглөө л гэхээр гэр орон нь орвонгоороо эргэж эх адаг ээж аав нь хүртэл мэдэгдэхээ байчих юм.

  • – Алимаа миний угаагаад тавьсан өмд хаачив?
  • – Ааваа энэ Сүрэн чинь миний цамцыг өмсчихөж, тайлуулал даа
  • – Ээжээ гутал хааччихсан юм бэ? Би өчигдөр бэлдээд, тослоод орхисон ш дээ.
  • – Хүүе тэр хэлээгүй юу, энэ Сүрэн чинь миний цамцыг вареньтай гараараа барьчихсан бай ш дээ…би одоо яах юм бэ, ы ы ы…
  • – Яаж байгаам бээ чи, аниагийнхаа цамцыг, Доогий миний хүү дүүгээ авахгүй яаваа?
  • – Ий ий ий ий…уа уа уа…
  • – Тээр Сайхнаа ах гутал өмсөөд явцан бай ш д, би одоо яах юм бэ, ы ы ы…гэх

зэргийн өмд цамц хувцасны эрэл хайгуул, хэрүүл зарга тэр хавиар нэг дуу шуугиан. Энэ ч байдалдаа дасаж дадчихаад, хөндлөнгийн нүдээр үнэлгээ хийж чаддаггүйдээ засаж залруулья ч гэсэн бодолгүй өдий хүрээ байлгүй. Ярьсаар хэлэлцсээр байгаад л ийм байдлаар 9 дүгээр сарын нэгний өглөөг угтлаа даа.

Хамгийн том маань харин энэ жил арав төгсөнө. Түүний доор сургуулийн насны гурав, цэцэрлэгийн насны гурав нийт долоон сайхан хүүхэдтэй өнөр айл аа манайх.

Том хүү маань нэг л их цээж өвчтэй ханхалзсан нөхөр гадуур явах. Хоолны амттайг идэж, хувцасны өнгөтэйг шилж өмсөөд нэг л их ажилтай хүн шиг шөнө оройттол тэнээд үг авах юм биш. Уул нь ухаан сийрэг л хүү юм сан, хэлсэн үгнүүдээс минь нэг хоёрыг нь ч болсон ойлгож бодож байгаа байгаа л гэж найдах юм. Миний хувцаснаас хүртэл шилээд өмсчихсөн, тэрийг нь би хожуу мэдэж байх жишээтэй. Ямар сайндаа л цайны муу пиджакыг маань нууж өмсөөд сэмхэн тайлсныг нь би халааснаас нь хугархай тамхины үртэс гарснаар мэдэж байх вэ дээ. Тэгээд бас болоогүй ээ, ширүүхэн үг хэлэхлээр уруул нь сөрвөгнөөд нэг хоёр үг хариуцаад сөргөөд байх болтой догоо. Харахад л хайр хүрмээр паацайсан юм саяхан л хөлд орох гээд явж байж билээ, хэдийдээ ийм том эр болчихов оо. Үгүй ээ тэр уруул дээгүүр нь шар үс сөөвийгөөд миний аавтай гөө мөн адилхан золиг шүү. Чиний энэ мэт ааш авирыг харжээ суутал ээжтэй нь  анхны хүүгээ эрдэмтэй хүн болгоноо хэмээн арван найман жилийн тэртээ мөрөөдөн ярилцаж байсан маань өөрийн эрхгүй санагдаж суулаа даа, өнөө өглөө.

Удаах нь нэг годгор охин байнаа.

Хамраа гудчаад л байнга шахуу ханиад хүрсэн нэг муу юм явах юм. Өвөл зунгүй ханиад салдаггүй хүн гэж бас байдаг юм байна. Одоо хичээл нь өглөө орно гэсэн, энэ бас ханиад хүрэх нь ээ яана, нөгөө эмчид нь аваад очих зав хэзээ билээ, эхнэр амжихгүй байгаа гэх зэрэг зүйл түүнийг ванны өрөөнөөс гудчин гарч байх үед бодогдож эхлэв. Бас болоогүй ээ 8 дугаар ангид орлоо ийм ч хувцас тийм ч гутал гээд эхнэрийг жаал ээрсэн сурагтай байгаан. Энэ нөхөр дээшээ нилээн давилуун загнана шүүү, үгүй тэгээд охин хүүхдийг яалтай ч билээ, нэхсэн юмсыг нь энэ сарын цалингаас аваад өг л гэе дээ, тэхээр бас өнөө багачуул нь орилолдоноо, зиа тэд ч бас болоогүй байнаа, зай ч байна…яаж ийгээд л аргалахаас, Дорж нээрээ 500төгрөг зээлсэн юм байна шүү… цай чанаа болов уу яагаа бол, энэ хэдэн хүүхдээс илүү гаралгүй өтөллөө дөө бид хоёр ч..гэх зэрэг бодолд дарагдсаар гал тогооны өрөө уруу ортол ширээн дээгүүр нэг идэж уух зүйл хөглөрсөн харагдлаа. Уур ч хүрэх шиг… Араас эхнэр уухичин шагайснаа:

– Зиа өвгөөн цай цаад данханд чинь байгаа, талх масло наад ширээн дээр чинь байна. Найз нь багыг хүргэж өгөхөөр явлаа хэмээн нэг амьсгаагаар хэлэхэд нь аживал дух, хамар шанаан дээгүүр нь хөлс бурзайсан харагдав. Аргагүй шүү дээ, энэ олон хүүхдийн заргыг таслаад, хир буртагтай нь өчигдөрөөс хойш ноцолдож байгаа хүн чинь гэсэн бодлоор уур маань агаарт замхарч варень нялагдсан таваг, элсэн чихэр, талхны үйрмэг, асгарсан цайтай ширээгээ цэгцэлмэр болоод ажилдаа гарлаа.

Advertisements

About huhtolbot

Энэхүү блогыг хэвлэн нийтлэгч, нэр алдрыг хүсэгч, ухуулан сурталчлагч бус эгэл нэгэн Монгол эр өөрийн санасан сэдсэнээ хүнд хэрэг болчихож юуны магад хэмээн нээсэн бөлгөө. Таалан соёрхно уу.
This entry was posted in Өгүүллэг and tagged , . Bookmark the permalink.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s