Нэгэн нас

Сар ихээ томоор дүгрэглэсэн нь орчныг саруулхан болгоод зогсохгүй хэвтүүлийн цэрэг Ихлэгийг холын мөрөөдөлд умбуулав. Хэвтүүлийн цэргийн байр арваны  даргаас бус хүнд эс мэдэгдэх тул түүнийг эс анзаарах харуулын цэргийн ээлж солихыг ажин хэвтэх зуураа түмэн зүйлд бодол сарниах авай.


Ихлэг Орхоны хөвөөнөөс цэрэгт татагдаж ирсэн даруйдаа бие идэрхэг, хөдөлгөөн самбаатайн учир олон түмтүүдээс шалгасан хэвтүүлийн цэргийн ангид хамаарах болжээ. Нутгаас гарсаар даруй хоёр жил өнгөрч дайн тулаанд нэг их орж шалиагүй ч шөнийн хэвтүүл хэмээх албыг хааж их эзэндээ хүчээ өгч явна. Хэзээ харьж эгэх эсэх, ер цаашдаа хүн байх эсэх нь эзнээс нэгэнт харьяат тул гашуудан шөнийн ээлжиндээ бодохоос өөрийг үл зүрхлэнэ.

Багаас наадаж өссөн тунгалаг уст гол горхи, адуу малаа адуулах манан будант хангай нутгаа хүний нутгын чийг даасан харанхуйн дундаас санагалзан, нүднээ ил болгон мөрөөдөн суулаа. Нутгийн бараа харанхуйн дундаас гэнэт тодроод тэнд би эзэн нь юм шүү гэсэн бодлоор сэтгэлд омог төрж зүрх нь түг түг цохилно. 

Харуулаас нааш хүний хөлийн ч чимээгүй, хаа нэгтээ согтуу цэргүүдийн гуугчих дуун сонсдоно. Саях хөөрсөн сэтгэл түүнийг хязгааргүй оддын дунд авааччих шиг санагдахад тэр ууж наргих олонтой хань хийж, хамт сууж наргихсан гэж хэдий хүсэвч эзний албанд буйдаа бие хүлэгдэн тэрхэн байгаадаа чимээ эс гарган хэвтлээ. Цаашлан нөгөөх хөөрсөн бодол нь тэнгэрийн алс дахь гүн харанхуйн дунд орчих шиг гомдол гутралаар солигдоход элэгнээс жиндээх нойтон өвсний хүйтэнд бие нь жихүүцэв.

Хойноос нь сүү өргөн үлдсэн ээжий нь харагдлаа. Сэгсийсэн буурал үс нь хаврын хөх салхинд хийсээд жаахан ядруухан байсан сан. Нутгаас нэмж цэрэг татаж ирэх юм гэнээ, тэр цэргүүд манай энд нэгдэх юм гэнэ гэсэн цуу үг сонссон нь дэмий баахан горьдлого өгөх болжээ. Гэрээс нь, ээжээс нь сураг гарах юм биш байгаа гэж хүлээсээр сар илүү болов. 

Эгч нь гэдэс цүдгэр, нөхрөө үдэж буйдаа баахан хямраад дүүгээ нэг үнссэн болоод үлдэж байсан нь, нүүрэнд нь бүдэгхэн сэвх тодорсон багаас наадаж өссөн тэр нэгэн эмэгтэй бас нүдэнд нь үзэгдлээ. Түүний нөхөр нь аль ангид орсон нь эс мэдэгдэнэ. Хар хоринд ирэнгүүт өөр түмтэд хувиарлагдлаа гэчихээд яаран одсонсон. Хүний хэлэх нь таншуул цэрэгт орсон байх, таншуулын цэрэг бэрхтэй алба, дарангуйлагч нь өдөр бүр шинээр цэрэг элсүүлдэг гэлцэнэ. Учир юун хэмээвэл таншуулд яваад эгэгсэд ховор ажгуу. Алин ч бол сайн танилцаж амжаагүй түүний тухайд бус эгчийгээ энэлэх вий гэсэндээ хойноос нь бодол болдог болов.

Тас хар нүдтэй хонгорхон Анхил бас санаанд нь буулаа. Зуны халуунд голын бургасан дунд туулайд тавьсан хавхаа эргэж явтал хээр морь зайдан унасан, жаахан бор охин хажуугаас цочир гарч ирж билээ. Гэнэтхэн бие биенээ харсан тэд бага залуугын эрхээр баахан хулгасан ч Ихлэг эр хүн тул эхлэн мэнд мэдэж, нутаг ус асуусан сан. Асуусан үгэнд товчхон болоод эрсхэн хариулах жаахан бүсгүйн тас хар нүдэнд уулын гүжир хатуу, эршүүд харцнаас гадна явган эр хүнээс айх зүйлгүй гэсэн бат итгэлтэй тайван төрх илт ажиглагдана. Туулай барихаар яваа түүнд итгэж чинээлэг айлын охин амьд туулай үзнэ хэмээн хамт явсан сан. Чухам тэр л өдрөөс хойш Анхилд болоод Ихлэгт үеийн, эсрэг хүйсний хүнтэй ярих чинь ийм хөгжилтэй сайхан байдаг гэж үү хэмээн бодогдох болжээ. Ихлэгийн даруу зан, гэрийн амьжиргаа зэрэг нь түүнийг нутгийн охидоос хөндий байлгасаар ирсэн бол дээд тэнгэр түүнийг нь харгалзаад Анхилыг туулай авлагч Ихлэгт л зориулж илгээсэн мэт байлаа. Урд өдрийн “хуувь”-наас үлдсэн жаахан нанхиад хатсан жимс байсныг гарган хувааж идээд, орхоны хөвөөгөөр нэг нь алхаж, нөгөө нь морьтой дагасаар ертөнцийн хамгийн жаргалтай нэг өдөр нь өнгөрсөн сөн.
Саалийн хэдэн үнээнээс өөр малгүй тэднийд цэргийн хуувь тараах өдөр улсаас хишиг бууж, эцгийн гавьяаг мэдэн бөөн баяр болдог байв. Учир мэдэхгүй бяцхан дүү нь би эцгийн замаар одож цусан өшөөг аван баатар гавьяа байгуулан эжийдээ зөндөө их торго авчирна хэмээн наадна. Ээжийнх нүдэнд тэгэж тоглоход нь үрээ өхөөрдөх, үхлээс харамлах хайр зэрэг тодордог байсныг Ихлэг энэ ууланд жиндэж хэвтэхдээ л ойлгожээ. Гэрээс сураг байхгүй ээ. Цаашдаа алс ирээдүй ч гэж үгүй мэт.
Цэрэг битгий хэл ганц зээр харагдахгүй энэ бөглүү ууланд их цэрэг шивээлээд удлаа. Цэргүүдийн дунд эндээ өвөлжих юм гэнээ, шивээлсэн цэргийг гадагш гарахыг хориглож буй нь лав учиртай, манай эзэн дайсныг эндээс гэнэдүүлэн гарч устгах гэж буй хэрэг хэмээн шал дэмий таавар таацгаана. Угаас тэр дайн тулаанд дургүй болчихсон Ихлэг тэдний тааварт эс оролцон, шалгаавал тээршаасан өнгөөр ганц нэг үг унагаахаас цааш хэтэрдэггүй билээ. Цэргүүд уйдахдаа энд тэндээс олзолж дээрэмдсэн хэдэн шүр сувд ээмэг бөгжөө солилцон, хааяа нэг олдох шимийн архи ууж өдөр шөнийг барах ажээ.

Ихлэгийн бодол бүүр алсад одоод дуг хийн сэрэхүйд наран хөөрч байв. Аравны даргаас дарангуйлагчид шуурхай мэдээ очиж хөөрхий Ихлэгийн нэг шөнийн мөрөөдөл амь юугаар нь солигдож буйг эс мэдэх тэрээр алжаасан биеэ суниан тэнийлгээд цуглах дохио өгч буй лавайн зүг алхан одвоо. 

2007 оны сүүлчийн өдөр  

Advertisements

About huhtolbot

Энэхүү блогыг хэвлэн нийтлэгч, нэр алдрыг хүсэгч, ухуулан сурталчлагч бус эгэл нэгэн Монгол эр өөрийн санасан сэдсэнээ хүнд хэрэг болчихож юуны магад хэмээн нээсэн бөлгөө. Таалан соёрхно уу.
This entry was posted in Өгүүллэг and tagged . Bookmark the permalink.

7 Responses to Нэгэн нас

  1. Yuki хэлдэг:

    цуфарара ра

  2. Амгаа хэлдэг:

    Өө хөөрхий

  3. artgaa хэлдэг:

    Хэхэ шинэ нутаг уу. Амжилт анд мээн!

  4. artgaa хэлдэг:

    Манаанд унтаад баригдчаа юу Ихлэг? 😀

  5. huhtolbot хэлдэг:

    Энд нүүж ирлээ хө…

    Гацаанд ороод алга болчих юм аа нөгөө газар маань. Уул нь тэндээ идээшчихээд явмааргүй л байлаа шүү.

  6. huhtolbot хэлдэг:

    Артаг аа,
    Ихлэг гэдэг нэр нь гол нь байгаан…

  7. дэндэв хэлдэг:

    Нүүсэн чинь оножээ

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s