“Сэдхил”

Хөөрөл гансралын дунд сэтгэл чилнэ
Худал үнэнгийн дунд заяа чилнэ
Хуучин шинийн дунд дэлхий чилнэ
Хар цагааны дунд хүн чилнэ

Чилсэн сэтгэлээс дуулал үл тодорно
Чинийх болж надаас холдсон заяанд маргааш үл тодорно
Чуулаад буцдаг жамыг дагахад нэр үл тодорно
Чулуун дээр нэрээ сийлүүлэвч хүн явсныг гэрчлэх юухан ч үл тодорно

Сэтгэлийн баримжаа, чиглэх нуруу чи хаана байна
Сэмхэн нүүх үүлсийн чинад, огт оргүйн гүнд оршино уу
Сэрж хайхын түүс чамайг би шүлэглэсэн биш шүү дээ
Сэрүүн байж энд дуулснаа бичиглэсэн хэрэг юм аа…

Тодорхойгүй балархайд төөрсөн байхын залуу цаг
Тоомжиргүй ихэмсэг ургаж мэдэхийн идэр цаг
Тулж буухтай хөдөлгөөн удаан болохын ахимаг цаг
Тунгааж бодсоор үлдээж амжихгүй явахын өтөл цаг, тэр миний сэтгэл ээ

Идэрмэг гүйлгэн заяа эргэх хорвоод уягдан сатаарах
Ихэрхэх хөөргөн сэлтэд жаргал амсан түүндээ сагах
Энэхэн буйдад мишээл төдийг гол болгон зүтгэх
Эгээрэх жинхэнэ үнэнг ул болгон гишгэлэх, тэр миний сэтгэл ээ

Элж хорогдох нэгэн буланг өөрийн болгон засаад
Эндээсээ нүүж сайныд очиж буухыг дэмжих
Эхлэлч үгүй, төгсгөл ч үгүйд торж төөрсөн
Эрмэлзэл нь ч үнэн, эцэслэл нь ч үнэн, тэр миний сэтгэл ээ

Өнгийн дарцаг салхинд наадан дэрвэж ирээд
Өөр нэгэн салхинд туугдан одох шиг
Өвөрмөц намуун жаргал бэлэглэн намар, хавар илт анзаарагдавч
Өрц зүсэх дуу гарган шонгийн мод улих шиг, тэр миний сэтгэл ээ

Жаргалтайн дэлгэр, өнтэйн зол болж наран ээвэр байхад
Зовлон, жаргалыг халуун хүйтнээр хэмжиж мэдрэх шиг
Жавар зүсэх алсын харгуйд ижилхэн дүрс зурайж
Жихүү дааж, нойр хүрэх шиг, тэр миний сэтгэл ээ

Хөөрч дэрвэж хүүхэд шиг гэнэн сэтгэл
Хоосорч гэмшиж залуус шиг сэргэг сэтгэл
Харуусахдаа хат сууж хөгшид шиг хашир сэтгэл
Харин явахдаа, ул мөргүй ч шүлэгтэй сэтгэл ээ…

Улаанбаатар хот, Төмөр барс жилийн намрын адаг улаан нохой сарын хөх морь өдөр

Advertisements

About huhtolbot

Энэхүү блогыг хэвлэн нийтлэгч, нэр алдрыг хүсэгч, ухуулан сурталчлагч бус эгэл нэгэн Монгол эр өөрийн санасан сэдсэнээ хүнд хэрэг болчихож юуны магад хэмээн нээсэн бөлгөө. Таалан соёрхно уу.
This entry was posted in Ангилаагүй and tagged . Bookmark the permalink.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s